Sunday, December 13, 2009

Монголчууд ба архидалт

    Нүүдэлчин монголчууд хэрэглэж заншсан спиртийн агууламж багатай шимийн архи ба айрагаа зөв тохируулан хэрэглэдэг байсныг Карпини хотын жуулчин Жоны 1245 онд Монголд зорчсон тэмдэглэлээс харагддаг бөгөөд энэ нь Чингис Хааны Их засаг хуульд архины хэрэглээг зохицуулсан заалт оруулан мөрдсөний үр дүн юм.

Харин архинаас болж хохирсон Монголын түүхийн нэгэн томоохон хохирол бол Өгэдэй хаан 1242 онд архи ууж байгаад амиа алдсан нь Монголын эзэнт гүрний цаашдын хувь заяаг огцом өөчилсөн үйл явдлын эхлэл болж улмаар Австрийн нийслэл Вена хотын үүдэн дээрээс Монгол цэрэг буцаахад хүргэсэн байдаг. Ийнхүү баруун европ Монгол цэргийн түрэмгийлэлээс азаар аврагдсан байдаг.
Улмаар хаан албан ёсоор залгамжлагчаа тодорхойлоогүй байсан нь хаан ширээг олон ил эзэнгүйдүүлж улмаар алтан ургийханг Өгөдэй Цагаадайн удмыхан ба Зүч Тулуйн удмыхан гэсэн 2 бүлэгт хувааж эдний хооронд хаан ширээний тэмцэл хурцдаж Монгол гүрнийг мөхөөх шууд эхлэл нь гадны хүчин зүйлээс биш харин Өгэдэй хааны бор дарсны асуудлаас болж үүссэн билээ.
Үүний дараахь бас нэгэн эмгэнэлт явдал нь Хубилай хааны байгуулсан Юань гүрний хувь заяа аж. Хубилай хааныг нас барсны дараахь жилүүдэд ордонд хэвийн үзэгдэл болсон найр хурим архидалт нь олон бага хаадын аминд хүрсэн хуйвалдаанаар дуусч улмаар засгийн хүч суларч Юань гүрний мөхөлд хүргэхэд нэгэн хүчин зүйл болсон гэж түүхэнд тэмдэглэгджээ. Энэ удаа Хятадын ард түмэн монголын 100 жилийн дарлалаас аврагджээ.
Юань гүрнийг мөхсөний дараагаар Монгол гүрнийг зүүн ба өмнөдөөс нь идэж эхэлсэн Манжууд шашны нөлөө ба дотоодын эвдрэлийг хөөрөгдөх аргыг хэрэглэн Монголыг эзэлж авчээ.
Харин Буриад, Тува Халимаг болон Зүүнгарын улсын бүрэлдхүүнд байсан одоогийн Алтайн хязгаар зэрэг монгол угсааны улсуудыг Оросууд хурдан бууны давуугаар эзэлж аваад харин Орос архиар угжин эрхшээлдээ байлгах аргыг хэрэглэжээ.
Үүнтэй адил хувь тавилан Монгол гаралтай хэмээн генетикийн болон бусад судалгаагаар нотлогдсон Америкийн Индиан нарт бас тохиолдсон бөгөөд тэдний газар нутгийг булнна авахдаа америкчууд мөн л архидалтыг зэвсэгээ болгосог байдаг.
Октябрын хувьсгал оросоос хатуу цагаан архитай хамт импортлогдсон болохоор монголчууд коммунист дэглэм тогтсон 70 жилд орос маягаар ажиллаж амьдарч бас ууж сурчээ. Харин ардчилсан хувьсгал дэлгүүрийн лангуун дээр архи давс хоёрыг л үлдээсэн нь ерээд оны төгсгөл хүртэлх шорвог он жилүүдийг архиар даруулах ганцхан сонголт олгосон аятай болжээ.
Хятадын бүрэлдхүүнд автономит эрхтэй багтаж энэ зовлонт түүхийн 50 жилийн ойг гашуудан тэмдэглэсэн өвөрмонгол ах дүүс маань энэ үед бидэн шиг 38 градус биш харин 60 градусын хятад архинд түлэгдэнхэн эмгэнэлт хувь заяатайгаа эвлэрэн суужээ.
Архидалтын түүхээс ийнхүү жишээ авсаны учир бол архидалт аливаа ард түмний түүхэнд гашуун мөрөө үлдээж хэдэн арван үе дамжин архины гашуун зовлонг амсаж болохыг сануулах гэсэн билээ.
Хатгах сумнаас харьж буцдаггуй хатуужил ихт Монголчууд хар усны өмнө хальтирч унаад байдагийн бас харьж буцдаг шалтгаан юу билээ.
Үүний хариултыг цааш мөшгөе.
Архины асуудал арай удамд минь байдаг юм биш биз
Архичины хүүхэд архичин болох магадлал маш өндөр байдаг нь аль эрт нотлогдсон төдийгүй чухам ямар генүүд нөлөөтэйг аль эрт эрдэмтэд тогтоосон аж. Харин монголчуудын хувьд үүн дээр бас нэг нэмж ахаарууштай зүйл гарч иржээ.
Хэдийгээр Монголд хийгээгүй ч гэсэн Хятад Япон Тайван зэрэг орнуудад Монгол хүмүүсийг оролцуулан хийсэн судалгаагаар архи буюу этилийн спиртийг хүний элгэнд задлах alcohol dehydrogenases (ADHs) ферментийн идэвхтэй хэлбэрийн хянадаг ген ба aldehyde dehydrogenases (ALDHs) гэдэг ферментийг хянадаг генийн ALDH2*2 гэх хослолын тархац нь Монгол үндэстнүүдийн хувьд бусадтай харьцуулахад маш бага нь нотлогджээ. Энэ нь шууд утгаараа монголчууд этилийн спиртийг задалж нүүрс ус болгон хүний биеэс зайлуулах ёстой ферментийн дутагдалтай гэсэн үг болно. Этилийн спирт монгол хүний биед удаан хугацаагаар байж согтолт нь удаан үргэлжлэх ба хор долоочихсон амьтан шиг болчихдогын учир энэ аж.
Өнгөрсөн жил Орост хийсэн Vladimir Nuzhny судалгаанд Москва хотоос түүвэрчлэн авсан 400 оюутнуудын 50 % нь Монгол цусныхан байх агаад тэд архийг 1.5 дахин удаан задалж байх агаад согтохоороо догшин ширүүн болдогоороо судалгаанд оролцсон бусад оюутнуудаас ялгарч байна гэдгийг нотолж тэрийг нь барууны эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн явдал нь дээрхийг давхар нотлох аж. Их Британийн нэр хүнд бүхий сонин үүнтэй холбогдуулж оросын архичид орос царайтай боловч генийн хувьд монгол аж гэж бичсэн нь барууны түүхчдийн хэлэх дуртай Наполеоны хэлсэн “Grattez le Russe, et vous trouverez le Tartare.” буюу оросууд бол үнэн чанартаа татарууд юм гэдэг эртний үгийг нотолсон гэлтэй.
Хамгийн харамсалтай нь ийм генийн бүтэцтэй хүмүүс архинд донтох улмаар архаг архичин болох генетикийн хүчин зүйлийн нөлөө байгааг бас хэсэг судлаачид архаг архичдын дунд хийсэн судалгаагаар нотолжээ.
Ийнхүү бидний монголчууд бас бидэнтэй гарал нэгтэй Буриад, Тува,
Өвөрмонгол ах дүүс маань төдийгүй Оросууд нийгмийн хүчин зүйлээс гадна удамшлын шалтгаанаар архинд дийлддэг аж.
.
Архи ба гэмт хэрэг
Монгол үгийн санд АГСАМ ТАВИХ гэх нэгэн үг байх аж. Ууж согтуурсан нэгэн ухаанаа алдаж бусад луу үг хэлээр болон нударгаар довтлохыг хэлнэ.
Бүсад хэлэнд тэр согтсон байсан гэхээс бус агсам тавьсан гэх үг байхгүй бололтой.
Ийнхүү бусдаас гаж согтож ухаанаа алдсан Монгол хүн өөрийгөө хянах чадвар доройтож гэмт хэрэг хийх нь элбэг аж. Энэ нь мөн дээр дурдагдсан этилийн спиртийг задлах ферменттэй холбоотой байж болох юм.
Судалгаагаар Монгол улсад гарч буй нийт гэмт хэргийн 18.2 %,онц ноцтой гэмт хэргийн 90 орчим хувь нь согтуугаар үйлдэгддэг аж. Архийг гэмт хэрэг хийх зорилгоор ууж биеэ бэлтгэн хийж байгаа хэсэг байхаас гадна архи ууж ухаан мэдрэлээ алдсаны улмаас санаандгүйгээр гэмт хэрэг хийж буй бас нэгэн бүлэг байгаа аж. Архийг тогмол хэрэглэснээс архидалтын тодорхой үе шатанд хувь хүний зан чанарт өөрчлөлт орж өөрийгөө хянах чадваргүй болж байгаа нь гэмт хэрэг хийхэд ямар ч хүнийг бэлэн болгож байгаараа архидалт хэмээх энэхүү архаг өвчний аюул хичнээн ихийг харуулна.
Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 1990 онд 9060 байсан бол 2007 онд 30000 давжээ. Хэргийн улмаас нас барсан хүний тоо дээрх онуудад 553 байснаа 1281 болж нэмэгдэж шүүхээр ял шийтгүүлсэн хүний тоо 6035 байснаас 14255 хүрчээ.
1991 оны байдлаар гадны шалтгаант нас баралт буюу гэмт хэрэг, осол гэмтлээс болж нас барагчдын тоо 792 орчим байсан бол энэ тоо 2008 онд 2889 болон нэмэгдсэн нь, 14 сая хүнтэй америкийн гэмт хэргийн нийслэл Чикаго 2007 онд гэмт хэргийн улмаас 410 хүнээ алдлаа гэсэн тооноос даруй 7 дахин их аж. Энэхүү нас баралтын дийлэнх нь архидалттай шууд буюу шууд бишээр холбогдож байна.
Энэхүү тоон дээр архины шалтгаант хоол боловсруулах болон зүрх судасны замын өвчнөөр нас барагсадыг оруулан тооцбол дээрх тоо даруй 2 дахин нэмэгдэх нь. Харамсалтай нь техникийн шалтгаанаар ийм тоог гарган нотлоход бэрхшээлтэй байна.
Орост хийгдсэн судалгаагар Даваа гаригт архинд хордож болон архидалттай холбоотой дээрх болон бусад үхэл эрс нэмэгдэж байгаа олж тогтоон амралтын өдрүүдэд архийг хэтрүүлэн хэрэглэж байгаатай холбож тайлбарлажээ.
Дээр хэлсэн гадаад шалтгааны улмаас жилдээ амиа алдаж буй 792- 2089 гэсэн тоог эргээд бас харья.
Хэлмэгдүүлэлтийн үед Монгол улс 20000 иргэнээ алдсан. Ардчилалын эхний 10 жилд бас ялгаагүй 20000 хүнээ зүй бусаар алджээ. Израйл Палестины мөргөлдөөнд 2001-2005 оны хооронд амиа алдагсадын нийт тоо 2 талдаа 2000 хүнд хүрэхгүй байгаа гэдэгтэй харьцуулж үзвэл Монгол улсад иргэний дайн болж байгаа дүр зураг бууна.
Халх голын дайнд 1939 онд Монгол улс 900 цэрэг эрсээ алдсан гэдэг. Энэ тоо архитай хийж буй бидний дайнд хэтэрхий их хохирол амсаад байгаа юм биш үү?.
Өвчлөгсөд буюу энэхүү дайнд шархадсан дайчдын хувь заяа ч бүрхэг байна.
Сүүлийн жилүүдэд нас баралтын бүтцэд зүрх судасны ба хавдарын ба эзлэх хувь огцом нэмэгдэж 1 ба 2 байрыг эзлэх боллоо.
Үүний нэгэн шалтгаан бол мөн л дээрх шархагдагсад аж. Архийг хэтрүүлэн олон жил тэр тусмаа 1990 оноос хойш ширүүхэн уусан дайчид зүрх судасны өвчнөөр эсвэл улаан хоолой ходоод элэгний хавдраар фронтыг орхиж байна. Архи дээрх өвчнүүдийг үүсгэхэд голлох нөлөөтэй нь нэгэнт судалгаагаар нотлогдсон төдийгүй архи уусан хугацаа ба өвчний үе шат үхэлд хүргэх хугацаа нь хоорондоо хамаралтай байгаа юм.
Ийнхүү залуу дунд насны эрчүүд архидалттай холбоотой гэмт хэрэг эсвэл өвчлөлийн золиос болон ид хийж бүтээх насандаа сэтгэл түгшихүйцээр хорогдож эхэллээ.
Монгол бүсгүйчүүд ч бас хоцрохгүй байгаагын нэг жишээ нь умай хөх өндгөвчний хавдар залуужиж бүсгүйчүүлийн амийг авдаг нэгдүгээр өвчин боллоо.
Их Британид хийсэн судалгаагаар архи тамхи дээрх хавдруудыг үүсгэхэд тэр тусмаа залуу бүсгүйчүүдийн хувьд гол шалтгаан болдог нь нотлогдсон байна.
Барууны эрдэмтэд Орост архидалттай холбогдолтой олон судалгааг сүүлийн жилүүдэд хийсэн бөгөөд Орос улс маш эмгэнэлтэй байдалд хүрээд байгаа билээ.Оросын ерөнхийлөгч В.Путин 25.04.2005 -нд ард түмэнд хандсан илтгэлдээ жилдээ 40000 хүн архинд хордон үхэж байгааг эмгэнэл гэж зарлан ард түмнээ архи бага уухыг уриалж байх юм. Орос улс нэг хүнд ноогдох согтууруулах ундааг архинд шилжүүлсэнээр архины жилийн хэрэглээ нь 15 литр гэж гарсан нь дэлхийд тэргүүлэх тоо болжээ. Монгол улс татвар төлж үйлдвэрлэсэн хэмжээгээрээ 3156,8 тонн спирт, 5510 тонн архи дарс 1999 онд үйлдвэрлэжээ. Үүн дээр гаднаас тавар төлж 10 сая литр согтууруулах ундаа орж иржээ. Хэрэв бид хууль бус наймааг үүн дээр нэмвэл бид мөн л дэлхийд дээгүүр давхимаар тоо гарахаар байна. Бид оросоос дутахгүй эмгэнэлт байдалд хүрээд байгаа юм биш үү?. Орост Чеченийн дайнаас гадна Архины гэх иргэний дайны гал улалзаж байхад Монголд ч Архины гэх буун дуугүй дайн цус урсгасаар байна. Москва энэхүү Архины дайнаа зогсоохоор найтааж эхэлсэн юм чинь Монгол удахгүй ханиах байх гэж найдна.
Архидалтад биднийг юу түлхэж байна бэ?
1.Эдийн засаг нийгмийн хүчин зүйл
Зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн явцад үүссэн санхүүгийн ядуурал ба сэтгэхүйн хоосон орон зай архидалтыг нэгэн шалтгаан болсон нь эргэлзээгүй. Нийгэм эдийн засгийн хувьд Монголтой төстэй нөхцөлд байсан Орост хийгдсэн олон тооны томоохон судалгаагаар дээрх шалтгаан нотлодсон билээ.
Энэхүү шалтгаант архидалтыг зогсооход төр засгийн дорвитой бодлого шаардлагатай бөгөөд эдийн засгийн бэрхшээлт үеийг даван туулснаар архидалт зогсоно гэж хойш суухгүйгээр арга хэмжээ авууштай.
Манжийн дарлалын үед хятадуудыг хар тамхинд оруулан тэдэнд хар тамхи заран улсын санг арвижуулан байсныг 1930 онд япончууд бас хятадыг эзлэн түрэмгийлэх үедээ хэрэглэсэн гэдэг.Манай улсын төр засаг архинаас олдог төсвөө нэмэхийн тулд ард иргэдээ архинд оруулан түүнээс төсөвөө бүрдүүлэх гэж улайрдаг юм биш биз.
Дээд шатанд нь авч үзвэл 17 чингэлэг спртийн эзэн нэгэн, Чингис пивоны эзэн гэх мэт хүмүүс УИХ гишүүн болчихсон давхиж явахад УИХ гишүүн асан нэгэн 2 чингэлэг вискинээс 120 Сая төгрөгний татвар төлөөгүй хэрэгт орсон байхад бас нэг архины үйлдвэр АПУ компанийн эзэн төрийн сайд болчихсон давхиж явах юм.
Харин эдгээр эхэс дээдсийн маань үр хүүхдүүд архийг хар тамхитай хослуулан хэрэглэж таашаал авдаг бас нэг бузар булайд уриалан дуудаж үрд хөршөөс хар тамхи зөөж авчирдаг болсон гэнэ.
Иймэрхүү жишээнээс харахад архины талын фронтын дайчид нэлээн амжилттай яваа төдийгүй санаачилгыг гартаа авсан төдийгүй төрийн бодлогод нөлөөлж чадахаар хүчтэй болсон аж.
2. Бусад хүчин зүйл
Судлаачид архичин гэр бүлээс архичид төрөн гарах магадлал өндөр байгааг баталсан нь манай өнөөгийн архичин нийгэм залуу үеээ өөрийн мэдэлгүй бэлдсээр байгааг давхар нотолж байна. Гэр бүл хамт олноос эхлээд урлаг спортын одод улс төрийн зүтгэлтнүүд нь согтуу хөлчүү үлгэр үзүүлж нийгэмд архидалтыг хэвийн зүйл мэт ойлголтыг өгч улмаар өөрсдөө ч итгэчихсэн мэт байдаг аж. Мэдээлэлийн хэрэгсэлээр архийг шууд болон шууд бусаар суртачласаар байхад хариуцах хүмүүс нь нүдэн балай чихэн дүлий суух аж. Архийг бага хэмжээгээр тохируулан хэрэглэж сурах ус мөсөөр шингэлж удаан уух соёлоос ч сурамаар юм байна. Хүн амын дийлэнхийг бүрдүүлж буй залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх спорт урлагийн газрууд дутагдалтай байдаг тэднийг баар цэнгээний газруудаас өөр сонголтгүй болгож байна. Мэдээллийн хэрэгсэлээр согтууруулах ундааны эсрэг сөрөг суртачилгаа болон танин мэдэхүйн нэвтрүүлэг дутагдалтай агаад дунд сургуулийн программд ч архины хор уршигыг суртачлах талаар бодолцмоор байна.
Архийг худалдаалах архиар үйлчлэх цагт хязгаарлалт тавьсан нь зүйтэй болжээ. Энэ журмыг улам боловсронгүй болгох болож ч бий.
Архидалттай тэмцэхэд гол ач холбогдолтой шаардлагад нийцсэн судалгаа хийгдээгүй, байгаа нь төр засгаас зөв зүйтэй бодлого боловсруулан хэрэгжүүлэх байтугай бодит байдалд дүгнэлт өгөх арга үгүй байдалд оруулжээ.
Дүгнэлт
Монгол дахь архидалтын шалтгаанд бусад улс үндэстэнд байдаг нийтлэг шалтгаанууд байхаас гадна удашлын хүчин зүйлс өвөрмөцөөр нөлөөлөж байх талтай. Энэхүү хүчин зүйл болон нийгэм эдийн засагийн шилжилтийн үеийн хүчин зүйлүүд нь монгол дахь архидалт түүнээс улбаалан гарч байгаа гэмт хэрэг ба бусад сөрөг үзэгдлийг онцгойлон авч судалж үзэн улмаар өөрийн энэхүү онцлогт тохирсон бодлогыг боловсруулан гаргах шаардлагатай байгааг харуулж байна.
Шведба Норвег гэх мэт скандинавын орнууд 20 зууны эхэнд архидалтын байдал нь улс орны аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн учраас архины үйлдвэрлэлийг улсын мэдэлд авч үнэ чанарыг хатуу хянаж асуудлаа шийдэж байсан туршлагаас суралцахад илүүдэхгүй байх.
Хувийн үйлдвэрүүдэд архи үйлдвэрлэх эрхийг хараа хяналтгүй орхисон нь 11 алтан амийг авч, олон хүнийг эрэмдэг зэрэмдэг болгож орхисон гашуун эмгэнэлт явдал нь төр архины бодлогоо өөр түвшинд авч үзэх хэрэгтэй болсоны харанга дэлдсэн явдал боллоо.

No comments:

Post a Comment